Skip to content

Embassy of Mongolia

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists
II. Монгол Улсын гадаад улс төрийн бодлого PDF Хэвлэх И-мэйл

II. МОНГОЛ УЛСЫН ГАДААД УЛС ТӨРИЙН БОДЛОГО

7.Монгол Улсын гадаад улс төрийн бодлого нь тус улсын аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх нэг гол хэрэглүүр бөгөөд түүний үр дүнг юуны өмнө тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын ашиг сонирхол хэрхэн хангагдаж, олон улсын байр суурь хэр бэхжиж, нэр хүнд нь хэрхэн өсч байгаагаар тодорхойлно.

8.Монгол Улс аливаа улстай харилцахдаа бие биеийн бүрэн эрхт байдл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, хүч үл хэрэглэх, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.

9.Монгол Улс гадаад улс төрийн бодлогодоо энхийг эрхэмлэж, улс гүрэнтэй сөргөлдөхгүй байхыг аль болохоор чухалчилж, олон тулгуурт бодлого явуулна. Үндэснийхээ ашиг сонирхлыг ямагт дээдлэхийн хамт бусад улс, түншийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг шууд хөндөөгүй хөрш хоёр орныхоо маргаанд хөндлөнгөөс үл оролцоно. Цэргийн аливаа эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх чиг шугам баримтална.

10.Монгол Улс олон улсын тавцанд ашиг сонирхлоо хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрээр батлагаажуулна. Олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ.

11.Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий дахины чанартай тулгамдсан асуудлыг шийвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйлсэд боломжийн хэрээр идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайна. Чингэхдээ үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлс, тулгуур зарчмуудаа юуны өмнө удирдлага болгоно.

12.Монгол Улс гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална:

1/ ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд аль нэгийг нь өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана;

2/ Монгол Улсын гадаад бодлогын хоёр дахь чиглэл бол АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал мөн. Үүний хамт Энэтхэг, БНСУ, Тайланд, Сингапур, Турк, Дани, Нидерланд, Финланд, Австри, Швед, Швейцари зэрэг оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгон зохистой түвшинд хүргэх бодлого баримтална;

3/ Монгол Улсын гадаад бодлогын гурав дахь чиглэл бол Азийн бүс нутагт байр сууриа бататгаж эндхийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох явдал мөн. Энэ зорилтын хүрээнд Ази, Номхон далайн чиглэл, түүний дотор Зүүн-хойд Ази, Төв Азийн чиглэлд түлхүү анхаарна. Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, хамтын аюулгүй байдлын механизм буй болгох үйл явцад идэвхтэй оролцоно. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэн орохыг зорино. Бүс нутгийн интеграцид орох нөхцөлийг юуны өмнө түүнд хамаарч буй улс орнуудтай хоёр талын харилцааг өргөтгөн хөгжүүлэх замаар бүрдүүлнэ;

4/ Монгол Улсын гадаад бодлогын дөрөвдэх чиглэл нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүү-эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал байна;

5/ социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан орнууд, шинээр тусгаар тогтносон улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тав дахь чиглэл байна. Эдгээр улстай харилцахдаа өмнөх харилцааны нааштай өвийг бататгахыг чухалчлахын хамт харилцаагаа шинэ нөхцөлд зохицуулан хөгжүүлэх бодит боломжийг харгалзан уян хатан хандана. Тухайлбал Дорнод Европоос Польш, Унгар, Чех улстай, мөн Казахстан, Украин, Беларусь, Киргизстан, Узбекстан улстай харилцаагаа түлхүү хөгжүүлэхэд анхаарна;

6/ хөгжиж байгаа орнуудтай найрсаг харилцаатай байж, нийтлэг зорилтоо шийдвэрлэх үүднээс бодит боломжийн хэмжээнд тэдгээртэй хамтран ажиллах явдал Монгол Улсын гадаад бодлогын зургаа дахь чиглэл байна. Энэ зорилтыг хоёр талын харилцааны хүрээнээс гадна голчлон олон улсын байгууллага, хөдөлгөөний хүрээнд, тухайлбал Нэгдсэн Үндэстний Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэгт хамтран ажиллах замаар хэрэгжүүлнэ.

13.Монгол Улсын гадаад улс төрийн бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байршлыг тогтоож, гадаад улс төрийн бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ.

14.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн талаар өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин оролцуулан томилж ажиллуулах зарчим баримтална.

 

Холбоос